Цагаачлалын албанаас цагаачлал хүссэн өргөдөлдөө татгалзсан шийдвэр авсан бол
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ ’шийдвэр хүлээн зөвшөөрөх’ (nöjdförklaring) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.
Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.
Шийдвэрийг давж заалдах
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та давж заалдах эрхтэй. Үүнд та Цагаачлалын албаны шийдвэрийг Цагаачлалын шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргана. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Та албан ёсны төлөөлөгчтэй (өмгөөлөгчтэй) бол тухайн хүн танд туслах болно.Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.
Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөх шалтгаангүй гэж үзвэл давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Шүүх нь Цагаачлалын алба шийдвэрийг өөрчилж чадах боловч уг албатай бас санал нэгтэй байж болно. Хэрэв Цагаачлалын албаны шийдвэрийг шүүх өөрчилбөл та оршин суух зөвшөөрөл авна гэсэн үг. Шүүх уг албатай санал нэгтэй байх тохиолдолд та Швед улсаас гарах ёстой болно. Цагаачлалын шүүх давж заалдах өргөдөлийг тань хүлээн авсан тэр өдрөөс эхлэн давж заалдах өргөдөлийнхөө талаар эсвэл шүүхийн ажил хэргийн тухай асууж тодруулах хэрэгцээ гарвал та шүүхэд хандах хэрэгтэй. Цагаачлалын алба давж заалдах өргөдлийг тань шүүхэд шилжүүлсэнээс хойш өмгөөлөгч рүү тань очих замын зардалыг төлөхгүй.
Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.