ШВЕДИЙН ТАЛААР МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ 20 ЗҮЙЛ

10.04.2015 07:29

Швед нь олон үндэстэн амьдардаг орон боловч хүн амын дунд хэд хэдэн нийтлэг заншил болон зарим онцгой, зөвхөн Шведийн гэж хэлж болохоор “зан заншил” бий. Хэрвээ та Швед улсад амьдрахаар шийдсэн бол эдгээр онцлогуудтай танилцахад бэлтгэлтэй байгаарай. Айлд зочноор уригдвал цагтаа очих мөн гутлаа тайлж орохоо мартваа.

1. Тэд өөрсдийн чанасан кофе-нд дуртай

Дэлхий дээр маш цөөн хүн Шведүүдээс илүү их кофе уудаг гэж хэлж болно. Тэдний нэрлэдгээр Fika буюу кофе, цай ууж, жижиг амттан идэнгээ найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлэх нь өдөр тутмын амьдралынх нь нэг салшгүй хэсэг юм. Тэдний хувьд дор хаяж өдөрт 1 удаа кофедох нь өдөрт хийх зүйлсийн жагсаалтанд орсон байдаг.

Жич : Тэдний бодлоор хамгийн амттай чанасан хар кофе бол Шведийнх

2. Дараалалд зогсох

Эмийн сан, такси дуудах, утсаар үйлчилгээ авах, дэлгүүрийн кассны дараалалд зогсох гээд таны тэвчээрийг шалгасан хүлээлгийн олон систем бий. Банк, бизнесийн байгууллага, үйлчилгээний газар ороод хамгийн түрүүнд хийх зүйл бол автомат машинаас дугаар авч, таны ээлж ирэх хүртэл хүлээх. Тэвчээртэй байгаарай.

3. Англи хэлээр ярих нь швед хэлээр ярихтай адил

Та англи хэлээр ярьдаг бол эхний хэдэн жил швед хэл мэддэггүй байсан ч асуудал гарахгүй. Учир нь англи хэл Швед улсын хувьд хоёрдогч хэл болсон бөгөөд хүмүүсийн англи хэлний чадвар маш өндөр. Иймд гадаадын иргэд олон жил амьдарсан хэдий ч шведээр ярьж чаддаггүй байх нь тун элбэг. Түүнчлэн албан ёсоор амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан швед хэлний сургалт (SFI) дүүрэг (нийт 290 дүүрэг бий) бүрт үнэ төлбөргүйгээр явагддаг. Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулсан боловсролын сургалтын төвүүдэд үргэлжлүүлэн гадаад хэл, математик гээд олон төрлийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

4. 17.00 цагаас өмнө дэлгүүр хэсэх

Шведийн томоохон худалдааны төвүүдээс бусад ихэнх дэлгүүрүүд харьцангуй эрт хаадаг бөгөөд амралтын өдрүүдэд 18.00, 19.00 цаг хүртэл ажилладаг. Энэ нь ихэнх албан газрууд 17.00 цагт тардагтай холбоотой тул та бүхэн дэлгүүр хэсэхдээ үүнийг анхаарах хэрэгтэй.

5. Шүдний оо мэт савалгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүнсний дэлгүүрт ороод лангуун дээрээс шүдний оо шиг савалгаатай майонез, түрс, гич, бяслаг болон эдгээртэй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг олж харвал бүү гайхаарай. Шведүүд эдгээр бүтээгдэхүүнийг чанасан өндөгтэй хамт идэх нь түгээмэл байдаг.

6. Гудамжинд хүүхдээ халамжлан явах аав нар түгээмэл үзэгдэл

Швед нь нийгэм дэх хүйсийн тэгш байдлыг өндөр эрхэмлэдэг орнуудын дунд дээгүүр бичигддэг бөгөөд эрчүүд гэртээ байж, хүүхдээ өсгөх зэрэгт тэдний оролцоо маш өндөр. Мөн нийгмийн халамжийн систэмд эцэг, эхийн амралт (föraldraledighet) буюу 480 хоногийн тэтгэлэгтэй амралтыг дунд нь хуваан олгодог.

7. Цэвэр агаарт гарах, аялал зугаалга хийх

Шведүүд жилийн аль ч улиралд агаарт салхинд гарч, аялал зугаалга (utflykt) хийдэг. Allemansrätten буюу хувийн болон нийтийн эзэмшлийн газарт аялах, зугаалах, хоноглох, мөөг, жимс түүх эрхийг Шведийн хуулиар хангасан байдаг. Ингэхдээ байгаль орчныг хамгаалах, бусдын ая тухтай байдлыг алдагдуулахгүй байх ёстой.

8. Амралтын 7-р сар

Зуны улиралд ялангуяа 7-р сард ихэнх үйлчилгээ, бизнесийн байгууллагууд, зарим дэлгүүр, ресторан ажилладаггүй бөгөөд энэ нь ажилчид 4-6 долоо хоногийн амралт авдагтай холбоотой.

9. Алтан дундаж

Lagom буюу “алтан дундаж” энэ үгийг үгчлэн тайлбарлахад хэцүү ч швед толь бичигт их ч биш, бага ч биш, яг л таарсан гэж тайлбарласан байдаг. Харин бидний хэлдгээр алтан дундаж юм. Энэ үгийг бүх зүйлд хэрэглэх бөгөөд алтан дунджийг баримталдаг үндэстэн.

10. Melodifestivalen буюу шилдэг хамтлаг дуучин шалгаруулах их наадам

1959 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү дууны фестивалыг Шведийн үндэсний телевиз, үндэсний радиогоос анх санаачилж байсан бөгөөд Европын улс орнуудын дунд жил бүр зохиогддог Eurovision Song Contest – ”Евровишн” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шилдэг хамтлаг, дуучныг шалгаруулдаг юм. Фестивал нь жил бүрийн 2-3 сард явагддаг бөгөөд 5-р сард ”Евровишн” тэмцээний эцсийн шалгаруулалт зохион байгуулагдаж, шилдгээ шалгаруулдаг.

Швед улсаас ”Евровишн” тэмцээнд түрүүлсэн хамтлаг дуучид:

1974 он – ABBA ”Waterloo”
1984 он – Herrys ”Diggi-Loo Diggi-Ley”
1991 он – Carolla ”Fångad av en stormvind”
1999 он – Charlotte Nilsson ”Take me to your heaven”
2012 он – Loreen ”Euphoria”

11. IKEA

Тавилга, гэр ахуйн бараагаа худалдан авахаас гадна тэдний ресторанаар үйлчлүүлж, Шведийн үндэсний хоол болох бөөрөнхий мах, нухсан төмс, аньсны чанамалтай алдарт хоолыг амтлаарай.

12. Гутлаа тайлж орох

Аливаа хувийн эзэмшлийн байр, цэцэрлэг, бага сургууль руу орохдоо хүн бүр гутлаа тайлж ордог болохыг та даруй анзаарах болно. Үүнийг ялангуяа өвлийн улиралд цас их ордог, гадна талбайг цэвэрлэхэд их ажиллагаа ордогтой холбон тайлбарлаж болох ч нөгөө талаар уригдсан айлдаа үзүүлж буй хүндлэлийн нэг хэлбэр юм.

13. Хүйтэн, харанхуй өвлийн улирал

Газарзүйн байрлалаас шалтгаалан Шведэд өвлийн улирал урт, хүйтэн бас харанхуй болдог. Өдөрт 3 цагийн турш л нартай байх боловч зуны улиралд харин эсрэгээрээ нар орой жаргаж, эрт манддаг. Шведийн хамгийн хойд хэсэг буюу Арктикийн бүстэй ойрхон орших Кируна хотод 5-р сарын 30-наас 7-р сарын 15-ны хооронд нар жаргадаггүй. Харин 12-р сарын эхнээс 1-р сарын эхний хэд хоногт нар манддаггүй байна. Мөн Кируна хотод очиж, туйлын туяа харах боломжтой боловч энэ нь ховор тохиолддог.

14. Цагийн юм цагтаа

Албан ёсны уулзалт, найз нөхөдтэйгээ уулзах уулзалт аль нь ч байсан цагтаа эхэлдэг. Хэрвээ та хоцорсон, эсвэл ирээгүй бол уулзалт, хурал товлосон цагтаа таньгүйгээр эхлэх болно. Галт тэрэг, нийтийн тээврийн автобус ч цагийн хуваарийн дагуу явна.

15. Согтууруулах ундааны худалдаа төрийн мэдэлд

Та согтууруулах ундааг аль нэг баар, ресторанд хэрэглэх, хүнсний дэлгүүрээс спиртийн хэмжээ нь 3,5 хувиас бага шар айраг, дарс худалдан авч болох боловч түүнээс дээш спиртийн агууламж бүхий согтууруулах ундааг зөвхөн төрийн мэдлийн “Systembolaget” сүлжээ дэлгүүр борлуулах эрхтэй. Энэхүү дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд 20 нас хүрсэн байх ёстой бөгөөд шаардлагатай тохиолдолд бичиг баримтаа шалгуулна.


16. Гялгар уутыг дахин боловсруулдаг

Хүнсний дэлгүүрт цаасан болон гялгар уутны хэрэглээг багасгах, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг бууруулахын тулд гялгар болон цаасан уутыг зардаг. Түүнчлэн хог хаягдлын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор лааз, хуванцар сав тушаах автомат машинуудыг хүнсний дэлгүүрт байрлуулсан байх бөгөөд тушаасныхаа хариуд мөнгө авах боломжтой.


17. Зарим нэр төрлийн хоолонд зориулсан өдрүүд

Шведүүд зул сар, улаан өндөгний баяр, хаврын баяр, зуны дунд сарын баярыг тэмдэглэхээс гадна зарим хоол, амттантай холбоотой баяруудыг тэмдэглэдэг. Тухайлбал, Fettisdagen буюу тарган мягмар гараг (энэ өдөр нь нүглээ наминчлах даваа гараг болон үнсэн лхагва гараг буюу улаан өндөгний баяраас 46 хоногийн өмнө тохиох өдрүүдийн хоорондох мягмар гараг юм) –т semla буюу кремтэй жижиг талх идэх, 3-р сарын 25-нд Våffeldagen буюу Швед өрмөнцөрийн өдөр, 10-р сарын 4-нд Kanelbulledagen буюу шанцтай /синнамонтой/ боовны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.


18. Цэвэр ус

Угаалтуурын цоргоноос ус уух нь аюулгүй бөгөөд ус нь маш цэнгэг. Иймээс та мөнгөө ч хэмнэнэ, бас савалгаатай цэвэр ус худалдан авах шаардлагагүй юм.


19. Чөлөөт хувцаслалт

Шведүүдийн өдөр тутмын хувцаслалт нь маш энгийн, биед эвтэйхэн, чөлөөтэй байх бөгөөд албан ёсны үйл ажиллагаа, чухал түнштэй уулзах, хурал зөвлөгөөнөөс бусад үед жинс, захтай цамцаа өмсөж болно.

20. Шведийн бүх сургууль, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй биш

Татварын сангаас багагүй хэсэг нь эмнэлгийн салбарт зарцуулагддаг боловч энэ нь эмнэлгийн бүх үйлчилгээ үнэгүй гэсэн үг биш юм. 18 хүртэлх насны хүүхэд эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрхтэй ч бусад хүмүүсийн хувьд жилд дээд тал нь 1100 крон төлнө. Учир нь тухайн жилд таны төлсөн төлбөр 1100 кроноос давбал цаашид тухайн жилдээ үнэгүй үйлчилгээ авах эрхийн карттай болох юм.

Харин боловсролын салбарын хувьд Европын Холбооны, Шенгений орнуудаас ирж суралцаж буй их дээд сургуулийн оюутнууд төлбөр төлөхгүй. Бусад орны иргэдийн хувьд 2011 онд гарсан хуулийн дагуу их дээд сургуульд суралцахыг хүсэгчид нэг хичээлийн жилд 80000 – 140000 кроны төлбөр төлөх шаардлагатай.