Швед улсын цагаачлалын бодлого

10.04.2015 08:16

Швед улс нь төвийг сахисан бодлогынхоо ачаар Дэлхийн хоёр ч дайнаас нутаг дэвсгэр дээрээ нэг ч бөмбөг унагалгүйгээр нэг ч буун дуу сонсолгүйгээр гарч чадсан тул ялангуяа 2 дугаар дайны дараа амьдрал хэцүү байсан дайнд нэрвэгдсэн бусад европийн орнуудаас тухайлбао Италиас ажиллах хүчний цагаачлал ихээр хийдэг байсан бол далаад оноос хойш энэ байдал өөрчлөгдөж улс төрийн орогнол хүсэгчид Булангийн дайн, Иран Иракийн дайн, Босни Сербийн дайнаас дүрвэгсэд цагаачлагчдийн дунд ихэнх хувийг эзлэх болжээ.

Шведийн цагаачлалын бодлогыг статистик тоо мэдээлэл дээр тулгуурлан дүгнэж үзвэл 1993-1995 онд тус улсад цагаачлахыг хүсэгчдийн тоо тухайн үеийн дайн байлдаанаас болж нэлээн өссөн тул 1995 оноос эхлэн цагаачлалын хуулиа 2005 он хүртэл нэлээн чангатгасан болох нь энэхүү 10 жилийн хугацаанд амьдрах эрх авсан хүмүүсийн тоо нэлээн буурсан хандлагатай байснаас харж болно.

Харин 2005 оноос эхлэн цагаачлалын бодлогоо нэлээн зөөлрүүлэх байдал ажиглагдаж байгаа нь тухайлбал 2003 онд 30000 гаруй цагаачлал хүссэн хүмүүсээс дөнгөж 6000-7000 хүнд оршин суух зөвшөөрөл өгч байсан бол 2005 оноос энэ байдал дээрдсээр 2007 онд нийт 35000 цагаачлал хүссэн хүмүүсээс 20000 орчим хүнд оршин суух зөвшөөрөл өгсөн явдлаар харагдаж байна. Энэхүү зөөлрүүлэх болсоны шалтгааныг би хувьдаа цэвэр эдийн засгийн буюу товчхондоо бол ажиллах хүчний дутагдлаас гарах гэсэн арга замтай холбоотой байх гэж дүгнэж байна. Стокгольмийн их сургуульд сурч байхад Шведийн хөдөлмөр эрхлэлт гэсэн хичээл дээр 2010 оноос Шведийн ажиллах чадвартай хүн амын тоо эрс буурч тэтгэврийн насны хүмүүс нэмэгдсэнээр Швед улс ажиллах хүчний цочмог дутагдалд орно гэж үзэж байсан нь одоо биелэлээ олж байх шиг байна. Яагаад 2010 оноос ийм болох вэ гэхээр дайны дараа “baby boom”-ийн үеэр төрсөн хүмүүс хөдөлмөрийн чадвартай хүн амын нэлээн их хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр 60 гарсан настангууд бүгд зэрэг тэтгэврийн насанд хүрч тэтгэвэрт гарсанаар ажиллах хүчний маш цочмог дутагдалд орно гэж үздэг байна. Ажиллах хүчний дутагдлаа эхний үед шинээр Европын холбоонд элссэн хуучин социалист орнуудын ажиллах хүчээр нөхөх гэж нэлээн оролдоод одоо харин бүр гуравдагч орны иргэдээс бүрдүүлэх бодлого барьж эхлээд байгаа нь сүүлийн үеийн цагаачлалын бодлогоос нь харагдаж эхлээд байна. Тухайлбал тэнд очоод ажил олгогчоо олсон бол 2 жил хүртэлх хугацаагаар цагаанаар ажиллах зөвшөөрлийг Шведийн цагаачлалын байгууллага өгдөг болжээ. Мөн хэрэв ажлын зөвшөөрлөөр оршин суух (виз) зөвшөөрөл авсан бол цаашид амьдрах эрх авах талаар өргөдлөө гаргах боломжтой болсон байна.

Шведэд цагаачлах Монголчуудын цуваа 2001 онд Швед улс Шенгений хэлэлцээрт багтах болсонтой зэрэгцэн ихэссэн гэж болно. 2000 оноос өмнө бол тэнд амьдардаг Монголчууд маш цөөхөн худалч хүнд бараг гарын хэдэн хуруунд багтахаар цөөхөн байсан. Харин 2001 оноос хойш тэнд амьдардаг Монголчуудын тоо маш огцом нэмэгдэж одоо албан бус тоогоор 6000 орчимд хүрээд байна. Мөн 2005 оноос хойш Шведийн цагаачлалын бодлого нэлээн зөөлөрсөн нь тэнд албан ёсоор амьдрах эрх авсан Монголчуудын тоог ( энэ тоо зөвхөн 2007 оны байдлаар 498 хүсэлтээс 36 хүн амьдрах зөвшөөрөл авсан байна) нэлээн нэмэгдэхэд шууд нөлөөлсөн. Шинэ хууль 2005 оны сүүлээр батлагдаж Шведийн нийгэмд дассан сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлд оршин суух зөвшөөрөл олгож эхэлсэн. 2005 он хүртэл үндсэндээ цөөхөн хэдэн оюутан гэр бүл эсвэл нөхөр дагаж очсон Монгол бүсгүйчүүд л албан ёсоор амьдардаг хүмүүсийн тоог бүрдүүлдэг байлаа.

LMA карт гэж юу вэ?

Үүнийг уншигчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа боловч тэнд очих хүсэлтэй болон дөнгөж очоод байгаа хүмүүст хэрэгтэй болов уу гэсэн үүднээс уг картын талаар товчхон дурьдая. Уг картыг Шведийн цагаачлалын албанд бүртгүүлсэн хүмүүст цагаачлалын асуудлыг нь бүрэн шийдэж шийдвэр гаргатал түр олгодог үнэмлэх юм. Үнэмлэхийг Цагаачдын албанаас олгох бөгөөд уг үнэмлэхийг авсанаараа хэдийгээр шведэд амьдрах эрх баталгаажихгүй ч ямар ч байсан үнэмлэхний хүчинтэй хугацаанд цагдаад баригдахгүй тайван амьдарч болно.

Svensk ID карт гэж юу вэ?

ID картыг Швед улсад 1 жилээс дээш хугацаанд Uppehallstilstand ( Residence permit) буюу оршин суух зөвшөөрөл авсан оюутнууд (тэдгээрийн гэр бүл) мөн ажиллахаар очсон эсвэл анх цагаачилж очоод амьдран суух зөвшөөрөл нь бүтсэн хүмүүст олгодог. Энэ картаар та Шведийн хүн амын бүртгэл ( Folkbokforing)-д бүртгэгдэх бөгөөд бүртгэлийн дугаар ( Personnummer) авдаг. Энэхүү personnummer 10 цифрээс бүрдэх бөгөөд эхний 6 орон нь таны төрсөн он сар өдрийн дугаар сүүлийн 4 цифр нь бүтгэлийн дугаараас бүрддэг.
Personnumer-ийг Skatteverket буюу Шведийн татварын албанаас авах бөгөөд өргөдөлдөө паспорт дээр дарагдсан Uppehalstilstand –ийн хуулбар сурч буй сургуулийн болон ажил олгогчийн урилга зэргийг хавсаргаж өгнө. 
Personnumer буюу хүн амын бүртгэлд бүртгэгдсэн тухай шийдвэр танд шуудангаар гэрийн хаягаар тань очих ( ойролцоогоор 2-3 долоо хоногийн дараа) бөгөөд Skatteverket-д өргөдлөө өгөхийн өмнө заавал тогтмол оршин суух хаягаа тодорхой болгосон байх ёстой.

Үүний дараа та ID картаа авах ажлаа хөөцөлдөнө.

 

ID картыг 5 жилээр олгодог. ID карттай Personnumer-тэй бол та үндсэндээ Швед хүмүүстэй адилаар ажиллаж амьдрах боломжтой болох бөгөөд уг картаар тусгайлан ажлын зөвшөөрөл шаардахгүйгээр цагаанаар ажиллах, нийгмийн халамжийн системд (Forsakring kassa) эмнэлгийн үйлчилгээ швед хүмүүсийн нэгэн адилаар авах эрхтэй гэсэн үг. Гэхдээ хэрэв оюутны гэр бүл (гэхдээ үүнд PhD болон судлаач оюутан хамаарахгүй) гэж тэнд амьдрах мөнгө санхүүгийн асуудлаа өөрөө хариуцна гэж оршин суух зөвшөөрөл буюу манайхны хэлж заншсанаар оюутны виз асан бол эмнэлгийн үйлчилгээ Швед хүмүүстэй адил боловч нийгмийн халамжаас (хүүхдийн тэтгэлэгийн мөнгө авах гэх мэт) тэтгэлэг авах, түүнд бүртгүүлэх асуудал хаалттай