Швед улс 10-аад сая хүнтэй, газар нутгаараа Монголоос маань гурав дахин жижиг.

10.04.2015 08:36

Нийслэл хот нь хүн амаараа Улаанбаатартай ойролцоо. Европын Холбооны анхны гишүүн орны нэг боловч албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро биш, швед крон. Цагтаа бас л хүчирхэгжиж, хавь ойрын улсуудаа захирч, дайн тулаан их хийж, далайн чанадад олон колонитой болж явсан гүрэн. Харин дэлхийн I, II дайнуудад шууд оролцолгүй, төвийг сахиж, дүрвэгсдийг хүлээж авч, дайнд нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд голлон анхаарч байжээ.

Одоо ч гэсэн тэр байр сууриа хадгалж энхийг сахиулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог. Харамсалтай нь, үүнд нь сануулга өгч нэг алан хядагч этгээд биднийг очихын өмнөхөн Стокгольмын төв гудамжинд бөмбөг дэлбэлсэн байв. Ийм сайхан тайван, найрсаг оронд хүртэл бөмбөг дэлбэлж байгааг бодохоор хүн төрөлхтний өшөө хорсол, үзэн ядалт дундрах яагаа ч үгүй мэт.

Финляндын хотууд ерөнхийдөө Сибирийг санагдуулж байсан бол Шведийн хотууд арай европжуу юм. Хотын төв талбай хавиар олон давхар байшин бараг харагдахгүй. Метро, зам талбай, байшин барилга нь цаанаа л нэг “нүнжигтэй”. Хүмүүс нь ч их найрсаг. Хүн болгон англиар ярина. Ямар ч хүнээс юм асуусан уриалгахан хариулна. Юмны үнэ ч “сайхан” өндөр газар юм. Над мэтийн явуулын хүн найз нөхөд, ах дүү байгаагүй бол гурав хонохдоо картныхаа хэдэн еврог барах байсан биз.

Швед улс хаантай. Шведчүүд хааныгаа маш их хүндэлдэг аж. Шведийн бэлэг тэмдэг нь хааны титэм. Өнгөрсөн жил болсон хамгийн том үйл явдал нь хааны гүнж нэгэн харцын хүүтэй гэрлэсэн явдал болжээ. Маш сүртэй том ёслол болж, шведчүүдийн төдийгүй тэнд амьдарч байгаа газар газрын бүх хүний нар нь гарчээ. Орчин үетэй зэрэгцээд язгууртан, ихэс дээдсийн ёс үргэлжилсээр байгаа нь сонирхолтой. Бид бас Чингис хаан, алтан ургийнхны удмыг олж (тэд аль хэдийн өөрсдийгөө тодруулчихсан байх шүү) хаан ширээнд нь залмаар ч юмуу Emotikona smile

Бага дунд сургуулийн сургалт үнэхээр сайн гэж хүмүүс ярьж байв. Монголын сургуулиуд хүүхдийг залхтал нь хичээл, даалгавраар бөмбөгддөг бол энд ердөө тийм зүйл байхгүй гэнэ. Хичээл дээр нь АББА хамтлагийн дуу, эсвэл хүүхдийн эрхийн тухай заах жишээтэй. Тэгсэн хэрнээ хүүхдүүд нь соёлтой, ухаантай болж байгаа нь илт байдаг гэж эцэг эхчүүд ярьцгааж байна. Шведэд хүүхэд бол хаан, хүүхэддээ гар хүрэх байтугай зандрах хориотой. Хаа нэгтээ хүүхдээ загнаж байгаа хүн таарвал тэр нь Азийн аль нэг орноос ирсэн цагаач байж таардаг гэх.

Эмнэлгийн үйлчилгээтэй ярих юм байхгүй гэнэ. Татвар даатгалаар санхүүждэг учраас үнэ төлбөргүй. Агаар ус, орчин нь цэвэр, хоол хүнс нь эрүүл болохоор өвдөх магадлал бага, өвдсөн үед хүний өөрийн гэхгүй өвчтөнийг сайн эмчилж сувилаад, бүр онцгой хүнд өвчнийг бол нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн хамтарсан судалгааны баг хариуцаж аваад эмчилчихдэг юм байна. Уулзсан монголчууд маань Швед эмнэлгийн ач буяныг их хүртсэн гээд ам сайтай байна билээ.

Орон сууц нь улсын өмчид байдаг аж. Оршин суугчид нь ерөнхийдөө ус, цахилгааныхаа мөнгийг төлчихөөд л амьдраад байдаг гэсэн. Цэнгэг усны орон тул крантнаасаа шууд л усаа уучихна.

Маш өндөр татвартай. Ажилчид цалингаасаа 60 орчим хувийг нь татварт төлдөг гэсэн. Гэхдээ үүнийхээ төлөө нийгмийн халамж, төрийн үйлчилгээг хангалттай авдаг тул гомдоллох зүйл байхгүй. Бизнесийн байгууллагууд ч ялгаагүй, ашгаасаа 60 хувийг татварт. Гэхдээ бизнесийн өөр дарамт байхгүй, бас л гомдоллох зүйлгүй. Нийгмийн халамж, төрийн үйлчилгээг нь харахаар социалист хэв шинжтэй гэж болох ч, эрчим хүч, тээврийн салбар нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг аж. Эрчим хүчнийхээ бараг 90%-ийг усан болон атомын цахилгаан станцаар хангадаг гэж байгаа. Экспортод чиглэсэн аж үйлдвэрийн орон гэж хэлж болно. Volvo, Ericson гэх мэт алдартай үйлдвэрүүд Шведийнх.

ДНБ-д эзлэх төрийн зардал нь Монголынхтой ойролцоо, 50 гаруй хувь. Тэгсэн хэрнээ төрийн үйлчилгээний чанар тэнгэр газар шиг ялгаатай. Яахав, муу төрөө өмөөрч бодвол, бага орлогын 50 хувь, их орлогын 50 хувь хоёр бас ч өөр л дөө. Авилгагүй улс гэдгээрээ Швед дэлхийд 1-д жагсдаг. Саяхан авилгын ганц хэрэг гарч тэрийг нь бусад орны хэвлэл мэдээлэл их л шуугиан болгож байгаа гэнэ лээ.

Цагаачлалын бодлого нь харьцангуй зөөлөн учраас газар газраас амьдрал хайсан хүмүүс ийшээ цувж байгаа ажээ. Цалин хөлс өндрөөс гадна ядахдаа Солонгос, Америкчууд шиг хомроголон баривчилдаггүй. “Харласан” ч гэсэн мөрөөрөө яваад л байвал яадаг ч үгүй гэнэ. Сүүлийн хэдэн жил дайн самуунаас дүрвэсэн иракчууд, орчин цагийн далайн дээрэмчид болох сомаличууд хэдэн арван мянгаараа ирж байгаа аж. Хэдэн жил амьдарсан гадаадын иргэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх төдийгүй нэр дэвших эрхтэй болдог аж. Энэ жилийн сонгуулиар олон цагаач иргэн орон нутгийн иргэдийн хуралд сонгогдсон юм байна.

 

Саяхан цагаачлалын хуульд орсон өөрчлөлтөөр, хэрэв цагаач нь ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулчихвал визийг нь шууд сунгаж, оршин суух эрх өгдөг болжээ. Энэ нь гадаадын иргэдэд нэн таатай нөхцөл аж. Түүнчлэн хүүхэд гаргасны гэх мэт янз бүрийн тэтгэмжид цагаачид хамрагддаг учраас ажил хийлгүй тэтгэмж аваад сууж байдаг цагаачид үй олон бий гэнэ. Энэ бүх “хайр халамж” цагаачдыг Швед рүү даллаж байна. Харин тэнд амьдарч буй монголчуудын маань амьдрал ямар байгааг дараагийн удаад бичье.