Швед, албан ёсоор Шведийн Вант Улс
Швед, албан ёсоор Шведийн Вант Улс (Швед хэл: Konungariket Sverige) нь Умард Европт Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот Стокгольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстон улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өресундын гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд гишүүнээр элссэн.
449,964 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь Өрнөд Европт гурав дахь том улсад тооцогдоно. Хотожсон бүсүүдээс бусад нутгууд нь хүн амын нягтшил багатай. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.
Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Вольво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.
Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.
100-аад жилийн өмнө сая гаруй Шведчүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшсан гэгддэг. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байжээ. Аж үйдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.