Миний мэдэх Швед хүн
Швед хүн гэхээр Скандинавын хойгийн ус цас, чийг ихтэй нар багатай газар амьдардаг болоод ч тэрүү цагаан шаргал үстэй цэв цэнхэр нүдтэй хүмүүс яагаад ч юм сэтгэлд чинь хоногшсон байгаа биз. Тиймээ шар цэнхэрийн хослол бол яах аргаүй Шведүүдийн илэрхийлэл бөгөөд бүр төрийн далбаандаа ч энэ шар цэнхэрийн хослолоороо билэг тэмдэг хийсэн ард түмэн.
Царайлаг Шведүүд Царай зүсний хувьд Шведүүдийг би их царайлаг хүмүүс гэж боддог тэдний цэвэрхэн цагаан царайн дээр нь цэнхэр нүд нь сайхан зохидогийн дээр яах аргагүй Viking-үүдийн удам болохоороо бие бялдарын хөгжил сайтай нуруулаг улсууд. Европт хүн амын дундаж өндрөөрөө дээгүүрт ордог гэж сонссон юм байна. Орос болон славян гаралтай хүмүүсийг бодоход ялимгүй жижигхэн шантгар хамар нь бас Швед хүмүүсийн онцлог. Дэлхийд ялангуяа Америкт шаргал үстэй (blond) царайлаг сэргэлэн “sexy” охидуудаараа шведүүд алдартай.
Швед хүний нийтлэг зан ааш Ааш зангийн хувьд уур амьсгалаасаа ч болдог юм уу латин америкчууд, итали, испаничуудтай харьцуулахад жаахан хүйтэндүү гэхдээ л ёстой хорхойд хоргүй хүмүүс. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар ч швед хүн хүмүүсээс жаахан зай бариад байдаг ч хэнд ч гэм хортой зүйл хийхгүй эргэн тойрондоо байгаа хүмүүсийн эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэдэг. Заримдаа бүр энэ нь хэтрэх гээд швед хүний занг мэдэхгүй хүнд бол муухай хүйтэн хөндий эсвэл их зантай юм шиг ч сэтгэгдэл төрж болзошгүй. Харин чи цаад хүнээс хэрэгтэй зүйлээ асуувал их уриалгаханаар бүх зүйлийг нэгд нэгэнгүй өчүүхэн ч төвөгшөөлгүй бүр үнэн сэтгэлээсээ тайлбарлаад өгнө. Оюутан байхад манай програм олон улсын програм байсан болоод ч тэрүү их олон үндэстнээс бүрдсэний ихэнх нь Америкчууд байлаа. Америкчууд бол их нээлттэй хаа явсан газраа дуу шуу болоод л ойлголцож нөхөрлөхөд арай дөхөмтэй. Ангид маань ердөө ганцхан л швед охин байсан. Тэр охин их өндөр, шаргал үстэй гоё цэнхэр нүдтнй ер нь typical швед бүсгүй дээр нь анх мэдэхгүй хүнд дуу цөөнтэй тэрээр их зантай юм шиг санагддаг байлаа. Нэг удаа түүнтэй нэлээн их “буу халж” овоо юм ярилцсаны дараа тү .нд ямар ч их зан байхгүй зүгээр л би халдаж юм асуудаггүй болохоор л миний хувь хүний эрх чөлөөг хүндэтгээд л дуугай юм ярьдаггүй болохыг нь мэдэж авч билээ. Ер нь түрэмгий биш хүлээцтэй, зөөлөн, эгэл даруу зан ааш нь швед хүмүүсийн нийтлэг хэв шинж. Эгэл даруу энгийн хирнээ чанартайбайх зарчмыг бүх зүйлээс швед хүмүүсийн зан төлвөөс тэдний зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээнээс, амьдралын хэв маягаас ер бүгдээс харж болно. “Lagom är bäst” буюу утгачилбал хүрэлцээтэй, хэтэрхий их биш дундаж байх хамгийн шилдэг нь ( англиар бол Enough is as good as a feast) гэсэн зарчим буюу мөн нөгөөтэйгүүр чи хэт сайхан хэт баян биш эгэл жирийн алтан дундаж л байвал жаргалтай байна гэсэн зарчим бол тэдний амьдралын гол нэг философи.
Авьяаслаг Шведүүд Хаа очиж хүйтэн газар амьдардаг хүн ам цөөтэй ч (нийт хүн ам нь 2007 оны 4 сарын байдлаар ердөө 9.1 сая) шведүүд их авьяаслаг ард түмэн. Энэ ард түмний дундаасдэлхий нийтэд нэрээ дуурсгасан олон эрдэмтэд, зохиолчид, дуучид, жүжигчид, тамирчид, бизнесменүүд төрсөнөөс цухас дурьдвал ABBA хамтлаг, Roxette хамтлаг (гоцлол дуучин Пиер Иеслей), Cardigans хамтлаг, Бёрн Борг (алдарт теннисчин), Aнника Соренстам ( шилдэг эмэгтэй гольфчин), Петр Форсберг (хокейчин) Ингрид Бергман (алдарт жүжигчин Холливудын од), Грета Гарбо (алдарт жүжигчин Холливудын од), Стивен Кинг (аймшгийн зохиолч) Aстрид Линдгрен (Хүүхдийн зохиолч. Уншигчид дээвэр дээр суудаг Карлсон, Дэггүй жаал Эмил номоор нь санаж байгаа байх), Алфред Нобел (динамитийн хуулийг нээсэн эрдэмтэн), Карл Линней (Биологич. Орчин үеийн биологийн ШУ-ыг үндэслэгч), Андерс Целсиус (Алдарт физикч, одон орон судлаач. Цейлсийн темпаратураар агаарын температурыг хэмжихийг нээсэн), Ингвар Кампрад (IKEA-гийн үндэслэгч), Ларс Магнус Эрикссон ( Ericsson-ийг үндэслэгч) гэх мэт. Энд цөөхөн хэдэн баримтууд тухайлбал Швед улс дуу бичлэгийн экспортын хэмжээгээрээ дэлхийд 3 дугаарт буюу АНУ, Их Британий дараа ордог, швед хүн хөргөгчийн технологи, нарны гэрлээр асдаг чийдэн, цахилгаан товч, шингэн хүнс хадгалах сав (Tetra Pak) зэргийг анх зохион бүтээсэн зэргийг дурьдвал энэ ард түмэн үнэхээр авъяаслаг хүмүүс болох нь илт.
Хуулийг дээдлэгч, үнэнч шударга байдал тэгш ёсыг эрхэмлэгч Шведүүд Шведэд бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй. Хүмүүс хууль сахиулагчид нь энэхүү тэгш байдлыг бүрэн хангаж чаддагт итгэдэг болохоор швед хүмүүс хууль дүрмийг дагаж биелүүлэхдээ гаргуун. Хууль зөрчинө гэсэн ойлголт нийгмийн ямар ч хүрээнд байхгүй гэж болно. Энд номтой юм номоороо л явна. Өөр олон төрлийн найраа байхгүй. Үр хүүхэддээ ч хар багаас нь үнэнч шударга хүнлэг хүн болохыг зааж сургана. Хууль зөрчиж буй хөршөө, танилаа, найзаа харсан швед хүн цагдаа дуудаад л шууд асуудлыг шийдчихнэ. Шведүүдийн энэ шударга зан гэмт хэрэг даамжирахгүй байхад их тусалдаг. Мөн нөгөөтэйгүүр шведүүд хэдийгээр хувь хүний эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэдэг ч хамт олон нийгэм дунд хэн нэгэн давуу эрх эдлэх, онцгойрохыг тэвчдэггүй буюу нийгэм хамт олон тэгш ёсыг эрхэмлэдэг. Энэ нь хэдийгээр гоц авъяастай хүмүүст таатай биш ч бүх хүн ялангуяа сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд хатуу өрсөлдөөн бий болох хэн нэгэн нь онцгой сайн гэж магтуулах хэн нэг нь би үүнээс дор юм гэх үзлийг өөгшүүлэхгүй байснаар нийт “масс”–ийг хөгжүүлэхэд бүгд өв тэгш хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Дарга даамал эзэн боссдоо чи заавал тонголзож бөхөлзөж тал засах шаардлагагүй яагаад гэвэл чи хүн гэдэг утгаараа түүнтэй эн тэнцүү эрх тэгш гэх үзлийг баримталдаг тул дарга босс ахмад хүмүүсийг ч гуйaлахгүйгээр буюу эхний нэрээр нь дууддаг. Босс эсвэл сургуулийн багш ажилтан бүртэйгээ эсвэл сурагч бүртэйгээ эрх тэгш харьцана. Хэн нэгнийг онцгойлж тал засах бол швед хүний хувьд байж боломгүй зүйл.
Ганцаараа бол хүчтэй Бидний Монголчууд бол “Олны хүч оломгүй далай” гэж ярьцгаадаг. Харин шведүүд “Ганцаараа бол хүчтэй” гэж ярих дуртай нь их содон санагдаж билээ. Анх энэ үгийг швед хэлний хичээл дээр швед багшаасаа сонсоод их сонин гаж ч гэмээр санагдаж Яагаад гэж багшаас өөрийн мэдэлгүй асууж билээ. Багш маань яагаад гэвэл олон хүнээс олон янзын үзэл бодол гарч шийдвэр гаргахад төвөгтэй байдаг. Ганц хүн бол шийдвэрээ дор нь гаргахын дээр ганцаараа үедээ хүн илүү их эрх чөлөөг мэдэрдэг гэж хариулж билээ. Эндээс л шведүүд хувь хүний эрх чөлөөг ямар их хүндэтгэдэг ард түмэн болох тэдний сэтгэлгээний гол зарчмыг ойлгож болно. Багш маань цаашлаад хэрэв гудамжны хоёр талаар итали юмуу испани танилууд зөрж өнгөрөхөд нэг нэгнийгээ дуудаж заавал уулзаж үнсэлдэж тэврэлдэнэ. Харин швед танилууд (дотно найзууд биш шүү) бол улайм цайм харц тулгараагүй л бол дотроо намайг хараагүй байгаасай гэж бодоод урагшаа чигээрээ хараад өнгөрнө гэж ярьж билээ. Мөн шведэд ганц бие хүмүүс маш олон байдаг нь ч тэдний амьралын энэ философитой холбоотой. Аав ээжүүд, настай хүмүүс нь хүүхдүүдтэйгээ хамт амьдарна гэж бараг байхгүй. Хэдийгээр нэгэн гэр бүл ч бүгд хувь хувийн амьдрал эрх чөлөөгөө эрхэмлэн тус тусдаа амьдардаг амьдралын хэв маягтай.
“Эмэгтэй хүний хүч чадлыг хар” Бас нэг содон зүйл бол “Эмэгтэй хүний хүч чадлыг хар” гэсэн үгийг шведүүд хэлэх их дуртай. Эрчүүд давамгайлсан эрэгтэй хүнээс өөр чухал юм ертөнц дээр байхгүй юм шиг “ Эр хүн зоригтой бол ,,,,,, Эр хүн унаад уйлдаггүй юм. Эм хүний үс урт ухаан богино. Эр хүн гэрийн ажил хийж тогоо шанагтай хутгалдаж болохгүй тэгвэл эр хүний хийморь лундаа үхдэг” юм гэхчилэн амьдралын сургаалиар монголын нийгэмд өсөж хүмүүжсэн надад энэ үг бас их содон санагдаж билээ. Хамт ажилладаг швед бүсгүй гэрлийн унтраалга ажиллахгүй байхыг оролдсоор байж засчихаад ингэж дуу алдахыг анх сонсож билээ. Нэг инээдтэй ч гэмээр судалгаа байдаг. Юу вэ гэхээр Шведэд нэгдүгээрт хүүхэд, хоёрдугаарт эмэгтэйчүүд, гуравдугаарт нохой муур, дөрөвдүгээр эрчүүд ордог гэж. Энэ үгийг сонсохоор бас Парламент буюу Riksdag-ийн тал илүү хувийг эмэгтэйчүүд Засгийн газрын бас 50 орчим хувийг эмэгтэй сайдууд бүрдүүлдэг гэвэл “Эмэгтэй хүний хүч чадлыг хар” гэж эмэгтэйчүүд бахархан уулга алдах нь ч аргагүй биз.